Төв Азийн Туркменистан улсын Каракумын цөлийн гүнд, Дарваз тосгоны орчимд дэлхийн хамгийн ер бусын, нууцлаг байгалийн нэг үзэгдэл оршдог. Энэ бол нутгийнхан “Тамын хаалга” хэмээн нэрлэдэг, дэлхийд алдартай Дарвазагийн байгалийн хийн тогоо юм.
1971 онд Зөвлөлтийн геологичид байгалийн хийн орд илрүүлэх зорилгоор өрөмдлөг хийж байх үед газар доорх хөндий нүхэнд өрөм цөмөрч унажээ. Үүний дараа маш их хэмжээний байгалийн хий гадагш алдагдаж эхэлсэн тул тухайн үед судлаачид хүний болон амьтдын амьсгалаар хордохоос сэргийлж галыг санаатайгаар асаасан гэдэг. Гэтэл энэ гал хэдхэн хоног асах гэж байсан атлаа бараг 50 гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл унтраагүй байна.
Өдгөө энэхүү гал 60 метр өргөн, 20 орчим метр гүн нүхний ёроолоос асаж, шөнө дөлөөр алсаас хүртэл асар их гэрэл цацруулдаг. Жуулчдын хувьд энэ бол “дэлхийн хамгийн гайхалтай галын тогоо” гэж нэрлэгдэх болсон бөгөөд жил бүр олон мянган хүн тус газрыг зорьдог.
Хэдийгээр байгалийн үзэсгэлэнтэй боловч, эргэн тойронд оршин суудаг иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаагийн улмаас Туркменистаны засгийн газар, тэр дундаа Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов сүүлийн жилүүдэд уг галыг “мөнхөд унтраах арга зам” олохыг эрдэмтдэд даалгасан байна. Гэвч өнөөдрийг хүртэл “Тамын хаалгыг” хэрхэн хаах нь тодорхойгүй хэвээр байна.